Joomla! Day Mongolia 2009

Joomla! Day Mongolia 2009

И-мэйл Хэвлэх PDF

jd_logo_whiteДэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day Mongolia 2009 өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29-нд 9 цагаас, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ, http://www.cabinet.gov.mn), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ, http://www.ictpa.gov.mn), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА, http://www.usaid.gov/mn/), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Joomla! нь ямар ч вэбсайтыг шинээр нээх, удирдах, шинэчлэх ажлыг маш хялбар болгодог чөлөөт, нээлттэй эхийн агуулгын удирдлагын систем (АУС) юм. Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ) болон Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газар (МШХХТГ) нь үнэгүй лицензтэй нээлттэй эхийн програм хангамжийн шийдлүүдийг дэмжин төрийн байгууллагуудад нэвтрүүлснээр зардлын хэмнэлт гаргахад тустай байдаг билээ.
Joomla! Монгол хувилбарыг 2007 онд анх гаргаснаас хойш 200 гаруй төрийн байгууллагууд дараахи давуу талуудын үүднээс авч хэрэгжүүлсэн байна:
  • GPL лицензийн дагуу үнэгүй ирдэг учир зардал багатай
  • Англи хэлний мэдлэггүй болон мэдээллийн технологийн мэргэжлийн бус хүмүүст зориулсан харагдац нь бүрэн Монгол хэл дээр
  • Хэрэглэхэд хялбар удирдлагын самбар
  • Системийн ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх олон олон үнэгүй нэмэлтүүд.


Joomla! Day Mongolia 2009

Joomla! Day нь олон улсад зохиогддог томоохон арга хэмжээ юм. Зөвхөн 2009 онд гэхэд Joomla! Өдөрлөг нь дэлхийн 21 улсад амжилттай зохион байгуулагджээ. Үүнд: АНУ, Их Британи, Герман, Франц, Өмнөд Африк, Бразил, Тайланд, Унгар, Энэтхэг, Итали, Шинэ Зеланд, Австрали, Канад, Финланд, Норвеги, Филиппин, Испани, Швед, Швейцарь, Голланд ба Турк улсууд юм.
Joomla! өдөрлөгийн зорилго нь Joomla! хэрэглэгчдийг уулзуулан хамтдаа суралцан, санал бодлоо солилцох, шинэ санаа дэвшүүлэх, шинэ шийдлүүдээ танилцуулах боломж олгоход оршдог. Joomla! төслийн төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэл тавьж, сургалт зохион байгуулах болно. ЭЗБШӨЧ/АНУОУХА нь ЗГХЭГ, МШХХТГ-ийн төлөөлөгчид болон Joomla! төслийн АНУ дахь багийн гишүүдтэй хамтран зохион байгуулна.

Joomla! Day Mongolia 2009-н зорилтууд нь:

  • ЗГХЭГ, МШХХТГ, ЭЗБШӨЧ төслийн хамтын бүтээл Joomla! 1.5 Монгол хувилбарын үндэсний нээлтийн ажиллагаа
  • Монголын Компьютерын зах зээл, хөгжүүлэгчдэд нээлттэй эхийн програм хангамжийн лицензийн мөн чанар, үндсэн шаардлагын талаар мэдээлэл өгөх
  • Joomla! 1.5 хувилбарыг танилцуулах, Монгол хувилбарыг үзүүлэх
  • Нээлттэй ярилцлага болон “Joomla! Хэрэглэгчдийн бүлгэм – Монгол” зохион байгуулах асуудлыг хэлэлцэх

Бид анх 2007 онд та бүхэнд Joomla! 1.0.15 хувилбарыг Joomla! Mongol 1.1 гэсэн нэртэйгээр хүргэж байсан бол одоо хамгийн сүүлийн Joomla! 1.5.14 хувилбарын Front-End буюу үндсэн вэбсайт, Installer буюу Суулгац, Control Panel буюу Удирдлагын самбар, Sample data буюу Жишээ мэдээллийг бүгдийг Монгол хэлнээ багтаасан "Joomla! 1.5 Mongolian edition" хувилбарыг та бүхэнд энэхүү өдөрлөгийн үеэр өргөн барих болно.

Бидний ажлыг байнга дэмжин ажиллаж төр, олон нийтэд Joomla! Агуулгын удирдлагын системийг үнэ төлбөргүйгээр хүргэхэд дэмжин ажиллаж байгаа ЗГХЭГ, МШХХТГ, АНУОУХА болон Joomla! багийнханд талархлаа илэрхийлье. Joomla! өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий вэбсайтыг маргааш та бүхэнд дэлгэн тавих бөгөөд 9-р сарын 30-нд Joomla!-гийн анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоо хязгаартай бөгөөд 9-р сарын 29-ны нээлтийн ажиллагааны үеэр бүртгэлийг явуулахыг анхаарна уу.